• Nunu

АЛИМАН ХЭЛБЭР

Хэмжээ тань 4:4:3 харьцаатай буюу мөр, цээж, бэлхүүсний хэсгүүд хоорондоо ойролцоо харин өгзөг хэсгийн хэмжээ харьцангуй бага, хөх томтой, өргөн дугуйдуу мөртэй, хэвлий хэсгээрээ таргалалттай, шулуувтар ташаатай, харин аятайхан хөлтэй бол та алимхан юм байна. Дэлхий дээрх эмэгтэйчүүдийн ихээхэн хувь нь ийм хэлбэртэй биетэй байдаг нь ихэвчлэн суугаа ажил, дасгал хөдөлгөөний дутагдлаас үүссэн байдаг. Хэрвээ та алимхан бол ямар ч стильтэй байсан хувцаслалтдаа анхаарах хэрэгтэй хэдэн чухал зүйлс бий.


ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС

  • Гүн гурвалжин захтай хувцас өмсөх хэрэгтэй. Ийм хувцас хүзүүг илүү урт болгож, ерөнхийдөө өндөр туранхай мэт харагдуулдаг.

  • Хуниастай дэрвэгэр даашинз буюу ороож өмсдөг даашинз алимхнуудын хамгийн төгс сонголт. Энэ даашинзны энгэр нь гүн гурвалжин ухаастай байдаг учраас өмнө дурдсаны адил та урт хүзүүтэй, туранхай харагдахаас гадна ороосон хэсэг нь бэлхүүсийг тань нарийхан харагдуулна. Урт нь маш чухал! Өвдөгний хэт дээгүүр байж болохгүй, бас хэт даваад явчхаж болохгүй. Ер нь өвдгөөр татсан урттай байлгаарай гэж зөвлөх байна.

  • А-хэлбэрийн* даашинз галбиртай харагдуулна. Харин энэ үед уртыг нь бага зэрэг богиносгох талаар ярилцаж болох юм. Бага зэрэг биетэй материалтай, бага зэрэг трапец А-хэлбэрийн даашинз бол өвдөгний дээгүүр татахаар байх нь зүгээр.

  • Женсэн өмд сонгохдоо бүүт кат* хэлбэрийг сонгоорой. Харин брюкен өмд* бол хатуухан материалтай, дундаж суудалтай, шулуувтар загвартайг сонго.

  • Том том сүртэй зүүлт* эсвэл ээмэг* хэрэглэхээс битгий татгалз. Анхаарлын төвийг биеийн дээд хэсэгт татдаг учир доошоо харж амжих ч үгүй. “Эсвэл” гэснийг анзаарсан биз дээ! Зүүлт, ээмэгний аль нэгийг нь л сонго гэсэн үг.

  • Давхар хувцас өмсөх нь таргалалттай хүмүүст таарамжгүй гэсэн ташаа ойлголт байдаг. Яаж харагдах нь таны хийх сонголтоос хамаарна. Бариувтар, цайвардуу, тод биш өнгөтэй, нимгэн материалтай цамцны гадуур мөр, ханцуй нь яг таарсан, бага зэрэг сул загвартай цамц өмсвөл илүү туранхай харагдана.




ХИЙХ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛС

  • Өндөр суудалтай өмд юм уу юбканаас холуур явсан нь өлзийтэй. Ер нь бэлхүүс хэсгээрээ хуниа нугалаатай, олон оруулга гэх мэт анхаарал татах зүйлийг бүр мөсөн хоригло.

  • Том сул цамц, даашинз гэдэс хэсгийг нууна гэж бодож байгаа бол та том андуурч явж. Харин ч улам том харагдуулдаг учир хол яв. Харин эсрэгээрээ бариувтар хувцас илүү галбиртай харагдуулна.

  • Мөрлөдөг том цүнхнүүд ер зохихгүй шүү. Биеийн дээд хэсэг бөөрөнхийдүү учир том цүнх мөрлөөд л, зууралдаад явбал тун ч ядарсан харагдах болно. Харин түүний оронд урт оосортой цүнх үүр. Тийм л их юм авч явах гээд байдаг юм бол оксфорд загварыг л сонгочих.

  • Өгзөг, хэвлий хэсгээ нуух гэж хэт урт цамц сонгодог. Энэ бол маш том алдаа. Цамцны урт ташааны хамгийн өргөн хэсгээс хэтэрч болохгүй.

  • Бөөрөнхий хоншоортой гутал хөлийг богинохон харагдуулдаг болохоор биеийн харьцааг тэнцвэргүй болгодог. Тиймээс шөвгөр хоншоортой гутал өмсөх хэрэгтэй.

  • Өргөн шуумагтай өмд эсвэл скини* буюу бариу өмд, өргөн бүс*, элдэв эргэлдэж мушгиралдсан чимэглэлтэй хувцас тус болохоосоо ус болно шүү.

  • Материал маш чухал! Хэвлий гэдэс хэсгээрээ хамгийн их таргалалттай байдаг алиман хэлбэртнүүд түүнийгээ дарах гэж хатуу зузаан материал сонгож алдаа гаргадаг. Харин ч бага зэргийн уналттай, зөөлөн материал, хөх, нил ягаан, тод өнгө харин ч илүү зохимжтой. Харин том том хээнээс бол татгалзах хэрэгтэй.

284 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd