• Nunu

A-line dress

Updated: May 5


Энэ даашинз нь хэлбэрээрээ нэрлэгдсэн даашинзнуудын нэг юм. Дээрээсээ доошоо бага зэрэг трапец, “А” үсэг шиг хэлбэр нь энэ даашинзыг эмэгтэй хүн бүрийн шүүгээнд өлгөөстэй байхын шалтгаан болсон юм. Анхандаа суганаас доош нэлээд өргөн байснаа 60-аад оноос дэрвэгэр нь багасаж, трапец хэлбэртэй болж өөрчлөгдсөн. Энэ даашинзыг 60-аад оны бэлгэ тэмдэг гээд хэлчихэд бараг л буруудахгүй. Тэр үеийн жүжигчин, загвар өмсөгч, тэр байтугай улс төрч хадагтай нар хүртэл энэ даашинзыг л өмссөн байдаг. 60-аад онд тод тод өнгийн, том том хээтэйг өмсөж гангардаг байсан бол одоо үед цулгуй өнгөтэй, хатгамал чимэглэлтэй, савхин оруулгатай гэх зэргээр өмсөж байна. Хамгийн гол нь ямар материалаар хийсэн нь тийм ч чухал биш. Энэ даашинзны амин чухал хэсэг нь трапец хэлбэрт нь байгаа юм.

Чи хэдхэн цагийн дараа гэнэт хүлээн авалт юм уу хуралд суух хэрэг гарлаа. Ядаж байхад урьд өдөр нь нэлээд идчихсэн, хөлийнхөө шар үсийг ч авч амжаагүй байлаа гэж бодъё л доо. Юу өмсөх вэ? Яах вэ? гэж бодон, энэ бүхнийг амжуулах гэж сандарсандаа бүр долоон дор болгож орхино. Яг иймэрхүү яаралтай нөхцөлд чамайг аврах даашинз бол “A” хэлбэрийн даашинз юм. Цээж хэсгээрээ бариувтар, доошоо трапец хэлбэр нь гэдсийг чинь нууж, тарган харагдуулдаггүй. Харин дээгүүрээ хэдхэн төрлийн чимэглэл зүүхэд л хангалттай. Хэрвээ чамд яг 60-аад оны тод өнгөтэй нь байгаа бол бүр л дэгжин харагдана. Ийм учраас ядаж нэг энгийн загвартайг аваад шүүгээндээ хийчих.

Дээд зэрэглэлийнхээс эхлээд бүх л хувцасны бренд энэ хэлбэрийн даашинзыг коллекцдоо багтаадаг болохоор хаанаас ч авч болно. Эсвэл ээж, эгч, эмээгээсээ асуу. Нэг бол өвөрмөц хээтэй торгоор өөртөө нэгийг хийлгээд авчих хэрэгтэй. Энэ бол хэзээ ч загвараа алддаггүй даашинзны нэг учраас ЗААВАЛ эзэмд.

Энэ даашинзыг асуудал гарангуут л гаргаж ирээд өмсөөд байж болохгүй. Гарцаагүй тулгамдсан үед л өмсөх хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэ цэнээ алдчихна шүү.

• Уг даашинзыг сандаал эсвэл урт түрийтэй гуталтай өмсөхөд хамгийн тохиромжтой. Үнэндээ “А” даашинз бүх улиралд зохимжтой эд л дээ.

• Даашинзандаа зориулж адил өнгийн трико /зузаавтар, хөл гэрэлтэхээргүй/ худалдаж аваарай. Авсан хойноо яагаад ийм их хичээл зүтгэл гаргаснаа ойлгох болно оо. Яагаад гэвэл ингэснээр урт хөлтэй, цэмцгэр харагддаг ба сонирхолтой дүр төрхийг үүсгэдэг.

• Хэрвээ та үнэхээр зоримог байхыг хүсвэл цайвар өнгийн “А” даашинзыг цайвар өнгийн трикотой өмс. Яг жинхэнэ 60-аад оны моодны охин шиг.

• Хэрвээ даашинз чинь энгийн цулгуй бол том сүртэй зүүлт, энгэрийн зүү, хэрэв богино ханцуйтай бол гоёмсог бугуйвч зүүж тоглоорой. Харин даашинз чинь өөрөөсөө хээтэй бол зөнгөөр нь орхи.

#MUSTHAVE

36 views

INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd